Ойрын 3 жилд Нийслэлд 38.514 айлын орон сууц ашиглалтанд орно

Ойрын 3 жилд Нийслэлд 38.514 айлын орон сууц ашиглалтанд орно

 “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” компани болон МБҮА хамтран гүйцэтгэн хүлээлгэж өгсөн байна. 

Тус судалгааг Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн мөн хугацааны орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилгоор хийв.

Салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл хөтөлбөрийг үр ашигтай бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтой.

Судалгааны үр дүнгээс товчлон хүргэж байна.

2017 оны байдлаар нийслэлд 380.828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164.791 өрх инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эдгээрээс нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна.

Нийлүүлэлтийн хувьд Улаанбаатар хотод 62.339 айлын нийтийн болон амины орон сууцны төсөл, орон нутагт 13.038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна.

Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй.

Улаанбаатар хотод баригдаж байгаа ашиглалтанд орсон болон ороогүй дээрхи 62.339 айлын орон сууцнаас 59.426 айлын орон сууц нь нийтийн, 2913 айлын орон сууц нь амины орон сууц байна.